Энэ өдрүүдийн
Илбэч саарал төрхөн цаанаас
Ирээдүй нууцлаг дүрээр шагалзаж буйг...
Инээмсэглэсэн уруулын хэлбэр, урсгасан нулимсны мөр,
Энэ үгсийг бичиж суугаа гар хуруудын минь илч -
Үймээнт хотын гудамжинд, ирэх хавар надад
Үзэгдэх учиртай тэр л эрвээхийн
Тув тунгалаг далинд барлагдан үлдэхийг
Тунгааж байна би!
Хэнийг ч ахиж шимширтлээ санахгүйгээ,
Хэнхдэг цээж минь хайраар дүүрлээ ч, хаа нэгтээ нь
Хэнд ч зориулагдахгүй хоосон зай байгаад л байхыг,
Тэнд л миний ороолсон гуниг тоос болж буухыг,
Даль жигүүртээ нулимсны мөр, хурууны хээтэй
Даанч өчүүхэн өнөө эрвээхий
Цэнхэртэн тунарах тэр л зайцыг
Цэцэг гэж эндүүрээд гунигийн тоос амтлахыг
Цэгнэж байна би!
Салхинд задрах гэзэг шигээ тэгтлээ сэмэрч
Сарниж, цуглаж хуйлрах шувуудын нислэг шиг сэтгэл
Чичирч даарах хэрнээ өвөл битгий дуусаасай гэж
Чичигнэсэн хүйтэн хуруудаар цас тосож зогсоход
Гуниг амталж ханаад, сэрүүхэн цэнхэр дальтай
Гурван нүдтэй эрвээхий минь надаас алгуурхан тасарч
Үзэгний нүднээс гэрэлтэх үл мэдэгхэн шижим даган
Үзэгдэхгүй тунгалагийн зүг нисэн нисэн одно.
Өчүүхэн далиных нь сэрвэгнээ совинт үүлсийг хөндөж
Үгсэд хувилсан цас ингэж намайг ононо...
2014.01.06

Гэрэл зураг: Masao Yamamoto

Comments